Байнгын хороо 17 цаг хуралдаж, түүхэнд тэмдэглэгдэж үлдлээ

Үдээс өмнө Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 76 саналын томьёоллын 16-д Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, саналаа тусган, заалт тус бүрээр санал хураасан бол үдээс хойших хуралдаан 84,2 хувийн ирцтэйгээр эхлэв.

Төслийн 27 дугаар зүйлийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад иргэнд албан бичгээр хариу өгөх тухай санал хэлж байв. Уг саналтай холбогдуулан ажлын хэсгээс нэмэлт тайлбар хийгээгүй ба “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх талаар гаргасан өргөдөл, гомдолд Дээд шүүхийн Ерөнхий шүүгч албан бичгээр хариу өгөх” гэсэн заалтыг 27.1.7-д нэмж оруулах санал 56,2 хувийн саналаар дэмжигдэв.

Төслийн 35 дугаар зүйлийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан тухайн шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрэх үед хугацааг нь тулгаж мэдэгддэг. Үүнд ямар зохицуулалт оруулсан талаар тодруулж байв. Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр гишүүн, шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрэхээр байгаа бол орон тоо гарахаас 90-ээс доошгүй хоногийн өмнө гэж заасан нь прокурорыг орлож болдог бол тухайн шүүгчийг орлох боломжгүй байдаг гэсэн тайлбар хийв.

Төслийн 37.7-д “Танхимын тэргүүнийг тухайн шүүхийн Зөвлөгөөн дотроосоо нууц санал хураалтаар, гурван жилийн хугацаагаар сонгох бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно” гэсэн ажлын хэсгээс гаргасан саналын томьёолол гишүүдийн олонхын саналаар дэмжигдэв.

Төслийн “43.4.Шүүгчийг Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдэх тухай хуульд зааснаас бусад цол, одон, тэмдэг, шагнал олгохыг хориглоно.” гэсэн заалтыг хасах саналыг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан гаргав. Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр хийсэн тайлбартаа, “Эхийн алдар”-аас бусад одон, шагналыг авахгүй гэсэн асуудлыг Дээд шүүх өөрөө гаргасан тул ажлын хэсэг хүндэтгэн үзэж тусгасан болно гэв. Улсын Их Хурлын гишүүд уг заалттай холбогдуулан байр сууриа илэрхийлж, ажлын хэсгийн гишүүдээс нэмэлт тайлбар сонссоны дараа санал хураалгахад “Шүүгчийг Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдэх тухай хуульд зааснаас бусад цол, одон, тэмдэг, шагнал олгохыг хориглоно.” гэсэн заалт хуралдаанд оролцсон гишүүдийн дэмжлэгийг аваагүй болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *