Б.Нямтайшир: Нүүрс шороо болж хувирахад ойрхон байна

-Тантай цаг үеийн байдал, цар тахлын талаар яримаар байна. Тахлын эсрэг улс орон нэлээн тэмцэж байна. Болж байгаа ч юм байна, болохгүй ч байгаа юм байна. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-Дэлхий нийтийг хамарсан маш том халдварт өвчин тархаж байна. Судлаад үзэхэд өнгөрсөн зууны 18-20 оны хооронд Испанийн ханиад гарсан. Энэ ханиад нь тухайн үедээ бүх дэлхийг хамарч нийтдээ 550-иад сая хүн өвчилсөн. Нас барагчдын тоо бол 100 саяд хүрсэн гэсэн тоо баримт байдаг. Өнөөдөр цар тахлын үед дэлхий дахинд халдвар авсан иргэд 85 сая болсон байна. Үүнээс амь насаа алдсан нь 1.8 сая болжээ. Энэ аюулт өвчин нь тухайн улс үндэстний нийгмийн байдал, нас хүйс хамаарахгүй хүн л байвал халддаг тахал юм.  Үүнтэй холбогдуулаад Монгол Улсын Засгийн газраас их л олон арга хэмжээг авч байна. Улсын Онцгой комисс өдөр шөнөгүй  ажиллаж байна. Эмнэлгийн ажилтнууд нойр хоолгүй ажиллаж байна. Зохих үр дүн байгаа. Сая Засгийн газраас шийдвэр гаргаад ард иргэдийнхээ цахилгаан, ус, дулаан, хогны мөнгийг 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэл 100 хувь чөлөөллөө.  Зарим татвар хураамжийг хойшлууллаа. Энэ бол бэлэн мөнгө тарааснаас  илүү их оновчтой шийдвэр гаргасан. Гэхдээ засаж залруулах, сайжруулах зүйлүүд байгаа байх. Улс үндэстэнд аюул нүүрлэж буй цар тахлын  асуудлыг иргэн бүр өөрсдөө ухамсраа дээшлүүлж хариуцлагатай хандвал төр засгийн бодлого шийдвэртэй нийлээд бид цар тахлыг даван туулж чадна.

-Компанид  ямар хэмжээнд нөлөөлж байна вэ?

-“МАК”  групп бол орон нутгийн төсөвт том татвар төлөгч компанийн нэг. Олон мянган хүн ажиллуулдаг. Бидэнд бол хүнд байна. Зарим үйлдвэрүүд маань төр засгаас авч буй арга хэмжээний дагуу яах аргагүй хаагдсан.  Бид биелүүлэх ёстой. Халдвар тархахаас урьдчилан сэргийлж байна. Тийм учраас  эдийн засгийн байдал бол нэлээн тааруухан боллоо. Гэвч ажлын байрыг хадгалах, цалинг нь тасалдуулахгүйхэн шиг өгчих, нөгөөтэйгүүр халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлж, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, ээлж дараатай шинжилгээнд хамруулах ажлуудыг  зохион байгуулж байна.

-Танайх шиг барилгын материал, үйлдвэрлэл эрхэлдэг компани өвөл нөөц бэлдэж, хавар тараадаг байх. Ажил зогсолт хэрхэн нөлөөлж байна вэ?

-Үйлдвэрүүд зогсож байгаа боловч ажилллагсдынхаа цалин хөлсийг хуульд заасны дагуу 50 хувийг нь олгоод, сул зогсолтод хамруулж байгаа.  Гэхдээ манай том групп компанийг дагаж бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг жижиг дунд үйлдвэрлэл, хувь хүн гээд маш олон хүн бий. Туслан гүйцэтгэгч хэдэн арван мянган компаниуд маань орлогогүй, ажил үйлчилгээ хийх боломжгүй, гэрээ нь зогсонги байдалд орчихож байгаа. Том компаниа дагаад хамтарч бизнесийн үйл ажиллагаа хийдэг жижиг дунд үйлдвэрлэлд хүндхэн тусаж байна.

-Жилийн дундуур вакцин авчраад хийлээ гэж бодъё. Барилгын ажил дөрөв, тавдугаар сард эхлэх ёстой байдаг. Хэрэв эхлэхгүй бол эдийн засаг хэзээ эргэж нөхөгдөнө гэж харж байна вэ?

-Мэдээж цар тахлын эсрэг төр засгийн бодлого шийдвэрээ дагана.  Гэхдээ бид өөдрөгөөр сэтгэж энэ халдварт тахлыг даван туулж ард нь гарч л таарна. Амьдрал бол үргэлжилдгээрээ  л үргэлжилнэ. Т ийм учраас өөдрөг сэтгэлгээтэй хандаж хорио цээр тавигдсан үед үйлдвэрлэлээ хэвийн явуулахын тулд бэлтгэл ажлуудыг хийж байгаа л даа. Энэ хугацаанд зүгээр зогсоогүй. Засвар үйлчилгээний асуудал, түүхий эдээ бэлтгэх гээд хуулийн хүрээнд боломжтой зөвшөөрөгдсөн ажлуудаа бид явуулж л байна.

-Үүнийг асуугаад байгаа гол шалтгаан бол улс орны хөгжилд үйлдэржилт маш чухал. Манайд аж үйлдвэржилтийн бодлого гэж тусгай яам байхгүй, хааяа нэг орон гаран байгууллага байгуулчихаад яваад байдаг. Мөн эдийн засгаа хариуцсан тусгай яам заавал байх ёстой юу, үгүй юу. Ер нь аж үйлдвэржилт гэдгийг та дотор нь яваа хүний хуввьд онцгой гэж үздэг үү?

-Дэлхийн хөгжилтэй улс орны Засгийн газрын бүтцийн асуудлыг харж байхад Худалдаа аж үйлдвэрлэлийн яам гэдэг олон асуудлыг цогц шийддэг.  Жишээ нь, Японд гэхэд Худалдаа үйлдвэрлэлийн яам бий.  Энэ нь хоорондоо ажил төрлийн уялдаа холбоо ихтэй.  Тийм учраас манайх Засгийн газрын бүтцийн асуудал дээрээ ч гэсэн цаашид анхаарах байх гэж боддог. Ер нь аливаа улсын хөгжлийн асуудал бол аж үйлдвэржилт. Энэ нь хөгжлийн түүчээ гэж манайхан ярьдаг шүү дээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай улсад аж үйлдвэржилт эрчимтэй хөгжив үү гэвэл бас өрөөсгөл талтай. Рио Тинтогийн бүтээн байгуулж байгаа “Оюутолгой”  байна, “Тавантолгой” нүүрсний экспорт  байна. Барилгын материалын үйлдвэрүүд нэг үеэ бодоход Хятадаас цемент зөөхгүйгээр дотоодын хэрэгцээг хангахаар аж үйлдвэрүүд эхэлж байна. Ган төмөрлөгийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эхэлж байна гэсэн. Мөн өнгөрсөн Засгийн газрын дэмжлэгтэйгээр нефт боловсруулах үйлдвэрүүд нээж дэд бүтцийнх нь асуудлыг байгуулаад эхэлсэн. Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд тулгамдсан аль салбараа хөгжүүлэх юм бэ гэдгийг оновчтой шийдэх нь чухал. Ялангуяа бид зах зээлээс хамааралтай шүү дээ. Бидний урд хөрш бол эдийн засаг нь өндөр түвшинд хүрчихсэн улс орон. Ямар эрдэс түүхий эд дутагдалтай байна вэ, энэ чиглэл рүү урьдчилан бэлтгэл хийхэд  зэсийн асуудал яригдана. Дэлхий нийтээр ногоон эдийн засаг гээд л ярих боллоо. Цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний  асуудал гээд энэ бүгдэд зэсийн хэрэглээ маш их ордог. Хятад улс бол дэлхийн нийт зэсийн 50 хувийн хэрэглэгч. Цаашдаа автомат цахилгаан машины үйлдвэрлэлийг маш эрчимтэй үйлдвэрлэнэ. Манай эдийн засаг урд хөршийнхөө эдийн засагт чухал хэрэгцээтэй байгаа эрдэс түүхий эдийг ялангуяа зэс боловсруулах үйлдвэрийг байгуулаад, нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг Хятад улс руу экспортолбол эдийн засагт ихээхэн нэмэр болно.

-“Оюутолгой” боловсруулна л гэж ярьж байна. Бид хаягдлаас нь зэсийг нь авч байна. “Цагаан суварга” хэзээ ашиглалтад орох вэ?

-“Цагаан суварга”-ын хувьд  мөн л коронавируснээс болоод бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орсон.  50 хувийн гүйцэтгэлтэй явж байсан. Коронавирусний асуудал дуусгавар болвол энэ том аж үйлдвэрийн цогцолборыг Хятадын хөрөнгө оруулалттай компаниар гүйцэтгүүлэх гэрээтэй.  Хятадууд орж ирж чадахгүй байгаа. Хэрэв ороод ирвэл хоёр жилийн хугацаанд “Цагаан суварга”-ыг ашиглалтад оруулаад зэсийн баяжмал гаргаад эхэлнэ. 

-Танай компани “Оюутолгой”, “Эрдэнэт” компаниудтай нийлээд  боловсруулах үйлдвэр барьсан нь дээр үү. Эсвэл тус тусдаа барьсан нь дээр үү?

-Зэс хайлуулах үйлдвэр гэхээр манайх “Эрдэнэт”-тэй хамтарсан ажлын хэсэг зохион байгуулж судалгааны ажлыг өндөр түвшинд хийсэн.  Өнөөдөр Монгол Улсад нөөц нь тогтоогдсон 36.3 сая тонн зэс байна. Геологичдын ярьдгаар 1.2 тэрбум тонн ч зэс байх бололцоотой.  Одоогоор 11 ордын нөөц тогтоогдсон 90 илрэл байна.  Хайгуулын ажлыг үргэлжлүүлээд нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай.  Гэхдээ хуулиндаа хязгаарласан татварын заалт байдаг юм.  Жишээ нь, зэсийн үнэ 5000 ам.доллар байхад  таван хувийн рояалти авна. “Оюутолгой” бол 30 жилийн хугацаагаар таван хувь гээд заачихсан. 5001 цент болоод нэгхэн центээр өсөхөөр рояалти нь 5+11 хувь болчихож байгаа юм. Нийлбэр дүн нь 16 хувь болно. “Эрдэнэт” үйлдвэрийнхэн гэхэд 5000 ам.доллараас дээшээ бүү өсөөсэй гэж яриад сууж байдаг. 5000-аас таван хувь байвал 250 ам.долларын рояалти төлнө. 7000 болвол 5+18 хувь болно. Нийт борлуулалтын орлогоос  авдаг татвар шүү дээ. Тухайн аж ахуйн нэгж эдийн засгийн хувьд ашигтай байна уу, алдагдалтай байна уу хамаагүй. Борлуулалт хийсэн бол шууд борлуулалтын мөнгөн дүнгээс хувьчлаад авдаг татвар учраас хөрөнгө оруулалтаа босгож чадахгүй эдийн засгийн хувьд алдагдалтай төсөл юм.  Дэлхий дээр ийм тогтолцоо байхгүй л дээ.  УИХ  энэ хуулийн асуудлыг нэн яаралтай авч үзэх шаардлагатай. Ийм татварын тогтолцоотой байхад хөрөнгө оруулалт наашаа зүглэхгүй.

-Технологийн хувьд жишээ нь, хүхрийн хүчлийг авах, зөөх, тээвэрлэх шингэн, аюулгүй байдал тал дээр хүмүүс  болгоомжлоод байгаа шүү дээ?

-Зэс хайлуулах үйлдвэр байгууллаа гэхэд хүхрийн хүчил маш ихээр ялгарна гэсэн үг.  Хүхрийн хүчлийг саармагжуулахад  чухам ямар аргаар яаж хийх вэ гэдэг хамгийн хүндрэлтэй асуудал болоод байгаа.  Тийм учраас “Эрдэнэт”, “Цагаан суварга”-ын зэсийн баяжмалаас зэс молебдиний баяжмал гарч байгаа. Үүнийг нэг хайлуулах үйлдвэрээр боловсруулж болно. Тэгэхдээ хуучин судалгаагаар гэхэд нэг сая тонн баяжмалыг боловсруулаад цэвэр зэс гаргана. Эндээс гарч ирэх хамгийн аюултай зүйл нь хүхрийн хүчил юм. Хүхрийн хүчлийг яаж ашиглах вэ гэхээр нэгдүгээрт шохойн чулуутай саармагжуулах байдлаар барилгын материалын гипсэн хавтан үйлдвэрлэх бололцоотой.  Нөгөө талаар цэвэр хүхрийн хүчлээрээ эсэлдсэн хүдрийг уусгаж зэс гаргаж болно. Мөн элементийн хүхэр гаргадаг шиг байгаа юм. Энэ технологийг манайхан судалж л байгаа юм байна лээ. Гэх мэтээр эргээд хүхрийн хүчлийг яах вэ гэдэг асуудлаа сайтар бодож, тооцож, ямар хэмжээтэй зэс хайлуулах  үйлдвэр байгуулах вэ гэдгээ бид шийдэх ёстой. Фосфитын нөөц  Хөвсгөл аймагт бий. Үүнийг боловсруулаад хүхрийн хүчилтэй уусгаад фосфорын бордоог гаргах бололцоотой.  Энэ технологи нь Хятадад маш их эрэлт хэрэгцээтэй бордооны нэг.  Ингэснээр экспортын бүтээгдэхүүн гарна гэсэн үг.

-Та бид хоёр зөвхөн үнэ цэнийг хэлхээг л яриад байна шүү дээ. Үйлдвэрлэлийн процессыг хүн амын тоотой харьцуулж, технологийг нь сайжруулах гэх мэтээр энэ утгаараа аж үйлвэржилтийг алийг нь явуулвал зохилтой вэ. Нөгөө талаас IT, хиймэл юун ухаан гэж ярьж байна?

-Миний бодлоор нэн тэргүүнд эрчим хүчний өөрийн найдвартай эх үүсвэртэй болох хэрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас шийдвэр гаргаж эрчим хүчний үнийг чөлөөлөнгүүт хэрэглээ өсөөд  улсаас авдаг эрчим хүчээ тултал нь ашиглаж байна.  Цар тахлын үед бид зарим зүйл дээр ухаарал авмаар байгаа юм. Хөгжлийнхөө бодлогыг яаж тодорхойлох вэ гэдгээ бодох хэрэгтэй. Монгол Улсынхаа өнцөг булан бүрд найдвартай хүрэх, хүрэлцээтэй байх эрчим хүчний эх үүсвэр үйлдвэрийг нэн яаралтай байгуулах хэрэгтэй. Ингэж  байж аж үйлдвэр ч хөгжинө. 2008 оноос эхэлсэн төмөр замын төслийг хэрэгжүүлэх боломж бидэнд байсан. Гэтэл  12 жилийн дараа төмөр замын бүтээн байгуулалтын ажил дөнгөж явж байна. Герман, Австрали тэргүүтэй дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд 2030 оноос  нүүрснээс татгалзахаа зарлаад эхэлчихсэн.  Энэ байтугай НҮБ-аас 2030 оноос дэлхийн дулаарал, агаарын бохирдолтой холбогдуулаад нүүрснээс  татгалзъя гэдэг уриалга гаргасан шүү дээ. Монгол Улсын хувьд нүүрсний нөөцөөрөө дэлхийд 10-т ордог гэдгээрээ нүүрс шороо болж хувирахад ойрхон байна.  10-хан жил үлдэж байгаа учраас дэд бүтцийнхээ асуудлыг шийдээд Хятад улс руу хангалттай экспортлох бололцоо байна.  Бид хоорондоо улс төржиж, талцаж, дэд бүтцээ бариулахгүй байсан энэ цаг хугацаанд ОХУ  Алс дорнодоос дэд бүтцээ байгуулчихлаа.  Бидний авсан мэдээллээр Хятад улсад 200 сая тонн нөөцийн зах зээлийг эзэлчихсэн байна. Ялангуяа сүүлийн гурван жилд  Оросууд Манжуураар дамжин нүүрсний экспорт маш их эрчимтэй явсан.  Энэ боломжийг бид өөрсдөө алдсан.  Гашуун сургамж. Тухайн үед дэд бүтэц нь байгуулагдаад явсан бол манай эдийн засаг өнөөдөр өр зээл маань барагдсан, бүтээн байгуулалтын ажлууд хийсэн, ард иргэдийн цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлчих бололцоо байсан.  Бидний яриад байдаг “Ирээдүйн өв сан” маань ч арвижсан байх боломжоо бид алдсан. Бид автомашинаар байгаль орчноо их бохирдуулж, сүйтгэлээ.  Энэ бүхнийг тооцдог газар ч гэж алга, дүгнэдэг ч юм алга, хариуцлага хүлээдэг хүн ч алга.  Урд хөршид зэсийн асар их хэрэгцээ нэмэгдэнэ.  Гэтэл бид 2009 онд “Оюутолгой”-н гэрээг байгуулсан улсаа шоронд суулгачихсан байдаг.  Гэрээн дээр магадгүй засаж залруулах зүйл байгааг үгүйсгэхгүй. Дараа дараагийн Засгийн газар маань төрийн хар хайрцагны бодлогоор засаж залруулаад яриад явсан бол  үр дүнд хүрэх байсан.  Гэтэл ОХУ-ын  Чита мужид Удоканы зэсийн орд нь нийтдээ 27 сая тонн зэсийн нөөцтэй.  “Оюутолгой” 31 сая тонн зэсийн нөөцтэй гэдэг шүү дээ. Оросууд  2020 онд багтааж эхний үйлдвэрээ ашиглалтад оруулсан. 48 сая тонн хүдэр боловсруулна гэсэн мэдээ сонссон. Бүтээн байгуулалтын ажил нь маш эрчимтэй, дэд бүтцийнхээ асуудлыг шийдчихсэн, барилга байгууламжаа бариад явж байгаа. Оросын олигархиуд энэ үйлдвэрлэлдээ гар бие оролцоод явж байгаа. Чита муж бол Хятад улсад Манжуураад дамжин ороход маш ойрхон.  Тэгэхээр бидний маш том өрсөлдөгч бий болох нь ээ.  Гэтэл бидэнд дээр дурдсан тавтарын хууль хаалт болдог.  Засаж сайжруулахын оронд гэрээ байгуулсан улсаа шоронд хийчихээд байж байна. Засгийн газар гэрээ хэлэлцэлд өөрчлөлт оруулахаар санаачилга гаргаж байгаа юм билээ. Энэ нь их сайн хэрэг.

-Бизнесмен хүний хувьд, хувь хүний хувьд 2020 оныг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Манай ард түмний дунд “20 20 буюу хорь хорь” гэдэг хэлц үг гарсан байна лээ.  Хамгийн хэцүүхэн жил байлаа. 2020 онд Монголын төдийгүй дэлхий нийтэд цар тахал нүүрлэж эдийн засаг хумигдлаа. Монгол оронд улс төрийн сонгууль боллоо. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн Үндсэн хуультай улс оронд улс төрийн хоригдлууд гэдэг хэллэг гарчихсан байна шүү дээ.  Төр засгийнхаа албыг хашиж байсан , улс нийгмийнхээ төлөө зүтгэж явсан, том том төслүүдийг хөдөлгөж байсан улсыг барьж авч улс төрийн захиалгаар хорилоо.  Хувь хүнийхээ хувьд үүнд үнэхээр их харамсаж байна. Бидний Ардчилал хаачив. Дарангуйлал руу явж байна.  2020 онд улс төрийн сонгуультай холбогдуулж маш шуурхай  байдлаар ийм л нийгмийг бүтээлээ.

-Авлига гэж үзэж байгаа шүү дээ?

-Би хүүгийнхээ хэргийг онцолж яримааргүй байна л даа. Нийтлэг үүднээс нь ярихад хохирогч байхгүй, хохирол байхгүй асуудалд ял өгч байна. Ийм хуулийн гажуудал манай эрүүгийн хуулинд байна.  Үүнийг зарим нь улс төрийн зорилгоор овжин ашиглаж байна.  Дийлэнх хэргийг хараад байхад “Бусдад давуу байдал бий болгосон” гэж байгаа юм. Бусдад давуу байдал бий болгоод, авлига авч өгсөн нь нотдогдсон эд мөрийн баримт байхгүй. Улс төрийн болон төрийн албан тушаалтанууд хэн нэгэнд л давуу байдал бий болгоно шүү дээ. 

-Би таныг ойлгож байна. Энэ хэрэгт таны хүү ороод, төрийн сайдаар ажиллаж байсан, их хуралд дэвшээд явж байсан хүн бариавчлагдсан. Саяхан Ж.Эрдэнэбат гишүүнийг Их хурлын мандатаа авчихсан байхад нь баривчилчихлаа. Энэ асуудлыг Европын холбоон дээр яриад эхэллээ шүү дээ. Ийм он боллоо. Шинэ он гайгүй болох байх.

-Үндсэн хуулийн цэцээр хоёр ч асуудлыг шийдвэрлэлээ. Ялангуяа Сонгуулийн тухай хуулийн 35.2 буюу Нэр дэвшигчийг таслан сэргийлэх арга хэмжээ авахгүй, цагдан хорихгүй гэсэн заалт. Хэрэвзээ хорих бол Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авна гэсэн заалт байгаа. Их хурлын гишүүн байсан, нэр дэвшигчийн үнэмлэхээ авчихсан долоон хүнийг баривчиллаа. Энэ хүмүүс бүхий л хууль хяналтын байгууллага  болох Авлигалтай тэмцэх газар, Цагдаа, Татвараас тодорхойлолт авч байж СЕХ-д материалаа өгсөн. СЕХ хурлаараа хэрэлцээд “Зөрчил алга, нэр дэвшиж болно” гэсэн тогтоол гаргаад үнэмлэх олгодог. Нэр дэвшигчид маань суртачилгаагаа эхлүүлээд явж байхад СЕХ-оос зөвшөөрөл авахгүйгээр  бүгдийг нь баривчилсан.  Хуулиа зөрчөөд баривчилгаа хийчихсэн.  Анхнаасаа хууль зөрчсөн учир үүнээс хойшх бүх шүүхийн процесс хууль  бус гэж үзэж болох үндэслэлтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *